Өдөр тутмын нэг л хэвийн амьдралтайдаа гутран, гайхамшгийг хүлээж, золгүй байдалдаа гомдоллож суухын оронд жижиг гэлтгүй дараах алхмуудыг хийвэл ажил & амьдрал ихээхэн хөнгөрөөд амар сайхан болох талтай санагдав:
- Юмсаас сайн талыг олж харах, бодлоо эерэг байлгах: жишээ нь өглөө сэрэхэд цаг агаар бүрхэг байлаа гээд амьдрал дуусчихгүй шүү дээ, өнөөдөр дуусна маргааш нар гарна – гомдоллож орондоо шигдэхийн оронд цаг агаарт тохируулж хувцаслаад ажилдаа явах нь хялбар биш гэж үү…
- Сэрүүлгээ ердийнхөөсөө 30 минутын өмнө дуугарахаар тохируулах: ердөө л хагас цагийн өмнө босоход хөнгөхөн дасгал хийх, хайрттайгаа хамт өглөөний цайгаа тайван уух, хүүхдүүдээ яаралгүй хувцаслаад гаргах гэх мэт өчнөөн зүйл хийчихэж болно гээд бод доо.
- Даруйхан цэвэрлэж дадах: цайгаа уулаа гэхэд аягануудаа дор нь хураагаад угаачих, өглөө босмогцоо ороо хураачих гэх мэт хамгийн энгийн дадлууд нь хүний цагийг хэмнэхээс гадна стрессээс ихээхэн сэргийлдэг шүү.
- Хэтэрхий ихийг амлах: хүн хэлсэндээ хүрэх маш чухал. Гол нь байгаа нөхцөл байдал, хүчин чадлаа зөв тооцоолж байж аливаа ажлыг гардаж авах, элдэв амлалтыг өгч сурах нь ухаан. Жишээ нь ажил, хүүхэд, гэрийн ажлыг бүхнийг зэрэг амжуулах гээд ядарч эцэж, нүдээ гархилтлаа зүтгэж, тэр хэрээрээ стрессдэж байснаас хажуудахаасаа тусламж авчихаж чаддаг байх нь төлөвшилтийн том шинж гэнэ.
- Байнга давтагддаг амьдралыг өөрчлөх: нэг л хэвийн, өдөр бүр ажил-гэр гэсэн маршрутаар амьдрахад амьдрал хэтэрхий хайран агаад та ч маш их стрессдэнэ. 7 хоногтоо ядаж нэг массажинд орчихдог, усанд сэлчихдэг, найз нөхөдтөйгөө уулзчихдаг, хүүхдүүдээ аваад 14 хоногтоо нэг салхинд гарчихдаг, клуб ороод бүжиглэчихдэг, кино үзчихдэг энэ тэр байвал тун догь.
- Гомдоллохоо талархлаар солих: өөдрөг байж, байгаа бүхнээ үнэлж хайрлаж, талархаж амьдардаг хүн байгаа бүхнээ голж, гомдоллож явдаг хүнээс хамаагүй аз жаргалтай амьдардаг байна. Талархлын бяцхан дэвтэр хөтөлж, болж байгаа сайхан зүйлсээ бичиж, талархлаа илэрхийлж байх нь их тустай гэнэ.
- Өөрийгөө бусадтай харьцуулахаа болих: Гоолиг, ганган бүсгүйчүүдийн зургийг харж гасалж, хэн нэгний атаархмаар аяллын зургийг харж шүүрс алдаж, хичээл сурлага & ажил хөдөлмөрөөрөө гялалзаж яваа хүмүүсийг харж сэтгэлээр унаад байх нь өөрийг чинь улам л miserable болгоно. Өөрийнхөө сайн тал, сайхан бүхнээ бичээд, бодоод үзээрэй – жаахан хичээчихвэл та тэднээс ч илүү болж болно шүү дээ.
- Хойш тавиад байгаа ажлаа амжуулах: ямар нэг ажлыг хойш тавих тусам мөрөн дээрхи ачаа нэмэгдэнэ, толгойд бодогдоно – сэтгэлийн зовлон. Хичнээхэн ч зугатах билээ дээ, нэг дайраад л амжуулчихвал амьдрал илүү хялбар болчих байх даа. Тиймээс яг одоо хойш тавьсан ажлуудаасаа нэгийг нь амжуулаад үз дээ ;).
source: Business Insider