Колумбийн виз хийгээд анхны сэтгэгдэл 🇨🇴

За нэлээн олон өдөр блогтоо бичиж амжсангүй ээ. Явахаасаа өмнө амжуулах ажил ихтэй байв. Тэгээд 12 сарын 1-ний өглөө Монголоос гараад 36-37 цаг явсаар Колумбийн нийслэл Богота хотод 2-ны өглөөний 06 цагт буусан билээ. Ирсээр цагийн зөрүү, дасан зохицох болон #SurvivalSpanish курстээ суугаад нэлээн завгүй л байна хэхэ😆.

Би вээр Улаанбаатар – Сөүл – Лос Анжелес (Korean Air) – Богота (Avianca) гэж ниссэн. KAL Avianca -тай гэрээгүй тул LAX дээр бууж гарч ачаагаа аваад Avianca-гийн LAX-BOG нислэгт бүртгүүлсэн (USA виз хэрэгтэй). Үүнийг нислэгээ захиалахдаа анхаарууштай…

Би өмнө нь Колумбийн виз авахад нэлээн ярвигтай юм байна гэж бичсэн билээ, бараг 30-40 хонож байж виз авсан. Ингэж удахад миний мэдээлэл дутуу байдал болон Испани хэлний дутагдал нөлөөлсөн юмаа. Яаж хурдан шуурхай (10-15 хоногт авчихаар санагдсан) авах талаар товчхон бичвэл: 

  1. Монголд Колумбийн элчин/консул байхгүй тул Сөүлд суух Колумбийн ЭСЯ-д хандах юм билээ. Би мэдэхгүй эхлээд Бээжин дэх элчин рүү нь бичихэд “Монголчуудыг Сөүл хамаарна” гэсэн маш товч хариу шидсэн хэхэ, ядаж Сөүлийнхээ имэйл хаягийг ч өгөөгүй… Сөүлийн ЭСЯ харин маш шуурхай юм билээ. Имэйл хаяг нь cseul@cancilleria.gov.co
  2. Сөүл рүү хандахаасаа өмнө онлайнаар визний аппликэйшин бөглөж болно, нэг бол Сөүлээс хариу (заавар) аваад бөглөж болно, холбоос нь энэ байна. Харин бөглөсөн аппликэйшин чинь 14 хоног л хүчинтэй тул аяллын планаа сайн төлөвлөж байгаад бөглөөрөй. 
  3. Ямар ч визний аппликэйшинд байдаг “Таны нэр, пасспортын дугаар, аяллын зорилго, очоод байрлах хаяг” гэх мэт мэдээлэл хэрэгтэй. Түүнчлэн очих болон буцах нислэгийн билет, санхүүгийн баталгаа (жишээ нь би банкны дансны хуулгаа англи хэлээр онлайнаар аваад илгээсэн) зэргээ бүгдийг нь бэлдээд, аппликэйшин бөглөхдөө зохих хэсэгт нь upload хийж илгээнэ. Бэлдэх! 
  4. Визний аппликэйшин бөглөхдөө анхаарах зүйл бол бөглөж дуусаад, төлбөрийн хэсэгт хаана виз мэдүүлэх вэ гэдэг дээр нь C.SEUL гэж сонгох юм шүү. Ингэснээр Сөүлээс танд виз өгөх боломжтой болно.
  5. За тэгээд бөглөж дуусахад чинь нэг олон оронтой тоо имэйлээр ирнэ, тэр бол таны аппликэйшиний дугаар юм. Визний төлбөрөө төлөхдөө тэр дугаараа бичнэ. 
  6. Визний нийт үнэ 134 ам доллар ба та 2 хувааж төлнөө. Эхлээд таны өргөдлийг авч хэлэлцэхэд 52 ам доллар, тэгээд тэд виз өгөхөөр шийдвэл нэмээд 82 ам доллар нэмж нэхэмжилнэ. Төлбөрийг Солонгост байгаа хүнээр шууд төлүүлж болно, хүнд төвөг удах дургүй мань мэт бол ХХБ-р дамжуулаад гадаад гуйвуулга хийн төлсөн (Сөүл дэх элчингийн хаяг, банкных нь хаяг гэх мэт мэдээллийг урьдчилан бэлдээрэй), төлөх бүрт банкны шимтгэл гэх мэт нэмэгдэж байсан шүү. 
  7.  За тэгээд тэд бүх төлбөрөө хүлээж аваад танаас пасспорт дээрээ визээ наалгах уу, электрон виз авах уу гэж асууна. Би электрон виз сонгосон, ажлын 2 өдрийн дотор имэйлээр илгээснийг нь хэвлэж авсан. Заавал хэвлэнэ шүү, нөхдөө. Хэвлээгүй бол таныг онгоцонд суулгахгүй. 

За визний тухайд нэг иймэрхүү. Лос Анжелесаас орой хөөрсөн онгоц 7 цаг нисээд Боготад өглөө эрт буусан. Нар мандах үед онгоцны цонхоор хараад л дурласан даа, ямар үзэсгэлэнтэй зүйл харсан гээч! 😍👌

Боготад ирээд 4 хонож байна, хамгийн эхлээд анзаарсан зүйл бол Колумби хүмүүс маш найрсаг – аялж явахад нутгийн иргэдийн хандлага их чухал шүү 👍. 20-р зууны дунд үеэс хэт баруун болон хэт зүүний үзэлтнүүдийн зэвсэгт мөргөлдөөнүүд, хожим хар тамхины наймаачдын хаадын балаг зэргээс болж нэлээн үймээн самуун болж байсан улс ч одоо асуудлуудаа шийдээд одоо хөгжим замдаа нэгэнт оржээ тэд.

Богота 2600м өндөрт оршдог, 8 сая хүнтэй том хот байна. Хүмүүсийн ихэнхи нь Англиар ярихгүй тул Испани хэлээр ойр зуур ярьчихдаг байх нэг бол гар утсан дээрээ Google Translate апп суулгасан байх хэрэгтэй. Надад хамгийн эхлээд сонирхолтой санагдсан зүйл нь тэд метрогүй ч TransMilenio гэх автобусны систем нь (Истанбулд бас байдаг тэ) нэлээн үр дүнтэй харагдсан. Замын түгжээ нэлээн их харагдаад байгаа. Би сургууль руу ирж очихдоо Uber хэрэглэж байна, хямдхаан такси энэ тэр нь.

Гадаад дотоод найзууд “чи Боготад юу хийж яваа юм бэ! Аюултай шд!” гэж байнаа. Боготад аюултай байя гэвэл аюултай (зарим хэсгээр нь шөнө ганцаараа явах үед аюултай), сонор сэрэмжтэй байвал зүгээр тийм л хот, яг л бусад хотын адил. Гудамжинд гар утсаа их оролдож нтр явбал мотоциклтой хүмүүс булаагаад зугатчихдаг гэсэн тул гадуур явахдаа нэг их зураг авахгүй байгаа. Мөн одоогоор гэр – сургууль – гэрийн хажуугийн супермаркет гэсэн замаар л явж байна.😝

Испани хэлний ямар ч мэдлэггүйгээр энэ улсад ирсэн, одооноос эхлэн суралцаж байгаа нь их сонирхолтой мэдрэмж байна миний хувьд. Шинэ хэл сурахад жаахан хичээх, цаг гаргах хэрэгтэй юм байна гэдгийг саналаа кккк. Энэ 7 хоногийн амралтын өдрүүдээр Богота хотын аяллууд хийгээд жаахан мэдээлэлтэй болчихоод ахиад бичнээ. Тэр болтол hasta luego!  🤟

Жич: өнөөдөр “Колумбид хэрхэн өлсч үхэхгүй байх вэ” хичээлийн хүрээнд багшаа дагаж супермаркет орж, хүнсний нэр цээжилсэн. Энэ том бананууд бол яг ч банана биш, platano гэдэг жимс бөгөөд шарах юмуу чанаж иддэг гэнэ 😋👌

 

3 thoughts on “Колумбийн виз хийгээд анхны сэтгэгдэл 🇨🇴

  1. Маш сонирхолтой байна. Би бас аялаж, хэсэх дуртай нэгэн. Дараачийн хэсгийг хүлээж байна. Good luck!

    Liked by 1 person

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s