
Боготад ирсээр 16 хоночихжээ, завгүй & хөгжилтөй сайхан өдөр хоногууд үргэлжилж байнаа. Блогтоо хамгийн сүүлд бичээд бараг 14 хонох гэж байна шд 😆. Колумби асар сонирхолтой орон юм, бас хүмүүс нь үнэхээр найрсаг, тусч. Олон race холилдсон үндэстэн юмаа, цагаан арьстай, цэнхэр нүдтэй Колумби байхад бов бор, намхан, уугуул иргэн шиг царайтай Колумби ч тааралдах юмаа 👩🦳👨🏽🦱🧑🏻👧🏾. Ази хүн цөөн байдаг болохоор тэр байх аа, хүмүүс нь их харнаа, ярих гэнэ, манай хүүхэдтэй хамт зурагаа авахуулаач гэх мэт кккк (бодвол манай Хятад найз гээл үзүүлэх бхдаа 😝). Нийслэл хот нь түм түжигнэж, бум бужигнасан, 20 дүүрэгтэй томоо хот. Ус сайтай. Машин, мопед ихтэй бхоор нэлээн угаартай санагдаад бгаа. Гадуур явахдаа ухаалаг гар утсаа ил барьж явах, сельфи хийх нтрээ больсон нь дээр гэсэн тул би утсаа гаргахгүй шахуу байгаа 😅 (ангийн Америк охин дэлгүүрт утсаа алдчихсан).
Энд ер нь амьжиргааны зардал хямд, мэдээж яаж амьдрахаас шалтгаална л даа. Колумбид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 800к гаруй песо буюу 250$ орчим. Дунд сургуулийн багш сард 1.5-3 сая песоны цалинтай гэсэн. Авилга ихтэй, татвар өндөр (НӨАТ нь гэхэд 17%) гээд иргэд нь нэлээн бухимддаг юм билээ (манайхаас л дээр байх даа ккк). Нэлээн шашинсаг орон байна шүү, католикууд юм байна. Үбэрийн жолооч сүмийн хажуугаар гарахлаа гялс залбираад авах жишээний ккк.
За байз юунаас эхэлж бичих вэ? Асуулт байвал асуугаарай.

Колумбид Испани хэл сурах нь: би вээр нэлээн хэдэн жилийн өмнөөс Испани хэл гоё юм байна даа гэж бодсон, Испани найз нөхөдтөй байсан ч хэдхэн үгнээс хэтрэхгүй байлаа 🙈. Боготад 21 хоног Испани хэлний анхан шатны мэдлэгтэй болж аваад, Латин Америкаар аялна гэсэн төлөвлөөтөй энд ирсэн. Яагаад заавал Богота вэ гэхээр Латин Америк дундаа Колумби цэвэрхэн Испани хэлтэй гэгддэг, тэр дундаа Богота (гэхдээ зарим хэллэг болон үгнүүд нь Испаний Испани хэлнээс өөр. Латин Америкийн Испани хэл колончилогчдын үеэс үлдээд, нутгийнхан болон энд тэндээс ирсэн хүмүүсийн хэлтэй холилдоод өөрчлөгдсөн гэсэн үг ээ. Маш энгийнээр ойлгоё гэвэл манай Монгол хэл болон Өвөр Монголын Монгол хэл шиг ялгаатай гэх юмуу даа). Онлайнаар хэдэн сургалтын төв хайж олсноос Nueva Lingua гэдэг газрыг сонгосон. Тэд Боготагаас гадна Мэдэжин (Medellin гэж бичигдэнэ, Испаничууд Мэдэеин гэж дуудна, Колумбичууд Мэдэжин гэж дуудна ккк😅), Картахэнад салбартай. Жижигхэн хотод сурмаар байвал сонголттой гэсэн үг. 7 хоногт 5 өдөр нийт 20 цаг хичээл орох ба төлбөр нь 250$ орчим, 14 хоног бүр шинэ элсэлт авдаг. Богота салбар нь Чапинеро дүүрэгт байдаг болохоор бас аюулгүй талаа бодолцсон хэрэг. Анги тус бүр 6-8 суралцагчтай, би Герман, Солонгос, Америк, Польш, Тайван гэх мэт орны хүмүүстэй хамт сурав. Багш нар нь их зүтгэл гаргаж хичээлээ заадаг, суралцагчаас л ер нь хамаарах юм. Хэд гурван өгүүлбэр хэлчихээр болоотохов. Испани хэлний дүрэм санасныг бодвол ярвигтайн байна шүү. Un perro, una perra – яагаад ийм төвөгтөй байх ёстойн гээд ангийхантайгаа инээлддэг байлаа😅.
Боготад хэрхэн зорчих вэ: Автобус, такси, Uber болон Trans-Milenio гэсэн сонголтууд байна. Мөн алхаж болно, дулаахан ч гэсэн машины угаар ихтэй санагдсан шүү. Trans-Milenio буюу тусгай замын автобус нь дэлхийд гайхагддаг юм билээ. Нээрээ л урт урт улаан автобуснууд их л шуурхай давхилдаж харагддаг (дээрх виденоос харна уу). Харахаар хүн ихтэйн билээ. Транс-Милениод суувал халаас, цүнхээ маш сайн анзаарч, халаасны хулгайчаас сэргийлэх хэрэгтэй шүү гэж сургуулийнхан эхний өдөр тусгайлан захиж байсан… Би Uber-дээд л яваад байгаа, аюулгүй бас төөрөхгүй гэхиймуу ккк. Сургууль 15 мин алхах зайтай болохоор зарим өдөр алхчихна🚶♀️. Гэнэт гарч ирээд “алив суучих суучих” гээд байгаа таксинд суухгүй байсан нь дээр шүү. Болж өгвөл л Үбэрдэх хэрэгтэй. Бас гудамжинд гар утсаа ил барьж явахгүй байх хэрэгтэй.





Хоол, ундны тухай: Колумби хоол их сайтай юмаа😋👍. Сайн чанарын үхрийн мах, тахианы мах, гахайн мах болон далайн загас жараахай элбэг. Жимс, ногоо хэдэн арван төрлөөрөө, шив шинээрээ. Үндэсний хоол нь эрдэнэ шиш, төмс ихтэй (энд маш олон төрлийн төмс байх юмаа, тус бүр хийдэг хоол нь өөр). Гэхдээ бас region-соо хамаарнаа. Боготагийн хамгийн алдартай хоол нь ajiaco con pollo (ахиако кон пожо буюу тахианы махтай ахиако) шөл юм. Боготачууд гадаадад очихоороо ахиакогоо их санадаг гэсэн, манайхан гурилтай шөлөө санадаг шиг л ккк. Мөн bandeja paisa гэдэг хоол алдартай, Мэдэжин хавийн хоол юм шиг байналээ. Эднийхэн өдрийн хоолондоо их ач холбогдол өгнөө, өдөр их ч иднэ. Дундаж хоолны газрууд нь өдрийн lunch menu-тэй, тэнд нь ахиако заавал байна. Нэг том хоол, жимсний шүүс (шууд шахаад өгнө) нийлээд 10к песо буюу 3$ орчим. Ресторанд бол өөр, хоолны үнэ 20к песогоос эхэлнэ. Энд Солонгос хоолны газар хэд хэд байналээ шүү, би нэг зориод Үбэрээр 30мин яваад очиж идсэн, тун дажгүй – Солонгос эзэнтэй байсан. Pastry бас их сайтай. Мэдээж Колумби кофе дэлхийд алдартайг мэдэх биз. Эндээ их хямд ч юм, үнэр амт нь тасархай. ☕️
Боготад юу үзэж харах вэ: Хамгийн эхлээд Алтны Музей буюу Museo de Oro! Миний үзэж байсан хамгийн гоё музейнүүдийн нэг. Үзмэрүүд нь гайхамшигтай, яаж уугуул иргэд нь алтыг тэгж мундаг боловсруулж сурсан байсан бүү мэд, маш олон төрлийн арга техникүүдтэй байжээ. Хамгийн сонирхолтой нь тэд алтан эдлэлийг баян учраас юмуу гангалах гэж зүүдэггүй байсан. Зарим танхим нь кинон дээр гардаг банкны эрдэнэсийн сантай хэсэг шиг лут төмрөн хаалга маалгатай, хамгаалагчидтай танхимд байдаг юм билээ. Арга ч үгүй байх даа, ахин давтагдашгүй гайхамшигтэй бүтээлүүд шүү дээ.



Мөн Ботерогийн музей их сонирхолтой. Колумби төдийгүй Латин Америкийн хамгийн алдартай зураач, уран барималч Фернандо Ботеро нь 1932 онд Мэдэжинд төрсөн. Тэрээр өвөрмөц стиль, өнгө төрхтөй бүтээлээрээ танигдсан бөгөөд өөрийнх нь олон гайхалтай бүтээлээс гадна Рэнуа, Пикассо, Дали, Монэ гэх мэт алдартнуудын уран бүтээлүүд музейд нь байдаг юм билээ.




Монсэрратэ уул. Манайхаар бол Зайсан Толгой (мэдээж манай хөөрхий Зайсан шиг бөөн хиншүүтэй, аймшигтай саарал байшингаар бүрхэгдчихээгүй л дээ). Орой дээрээ гоё Католик сүмүүдтэй, тусгай галт тэрэг болон cable car-аар очдог. Нутгийнхан бас их очноо, энд тэндээс ирсэн янз бүрийн хүмүүс налайцгаагаад л 👍. Боготаг өндрөөс сайхан тольдох газар байна билээ. Зөндөө их мод, ургамал, цэцэгтэй. Би энд анх удаа соно бялзуухай харж их баяссан. Бас хөтөч маань нэг онцгой цэцэг танилцуулахын далимдаа аюулгүй байдалдаа хэрхэн анхаарах тутхай маш эвтэйхнээр тайлбарлаж ярьж өгсөн. Тэр цэцэгт хүний ухааныг самууруулдаг бодис байдаг ба эртнээс тэр цэцгээр хүмүүсийг хордуулж элдэв гэмт хэрэг үйлдүүлдэг, үйлддэг гэнэ.


Ла Канделериа дүүргийн графити:энэ дүүрэг нь Боготагийн хамгийн эртний дүүрэг, колоний үеийн байшин ихтэй нарийн гудамжуудтай ба ядуус ихтэй байжээ. Ядуус нь гэмт хэрэгт их холбогддог байсан ч зарим нь засарч, barrio (neighbourhood)-гийнхоо хануудыг гоё гоё графитигаар чимэглэсэн байна. Энд графити бүр урлаг болчихсон, Колумбийн графити зураачид гадаадаад явж зурдаг гэж хөтөч маань хэлсэн. Графитийн тусгай аялал ч байгаа бүр. За тэгээд Боливарийн Талбай (манайхаар бол Сүхийн Талбай), Үндэсний музей, Ботаникийн цэцэрлэг, Парк 93 гэх мэт газруудаар бас очиж болноо. Над сонирхолтой, онцгой санагдсан газруудаа товчхон бичлээ😍.



Шөнийн амьдрал хийгээд аюулгүй байдал: Салса бүжиглээд л, агуардинтэ уугаад л, баян хуур сонсоод л… 🎶💃🕺🏻 Колумбичууд чихрийн нишингээс гаргаж авдаг aguardinte гэдэг архиа шот шотоор уугаад л, бүжиглээд л байдаг юм билээ. Бас пааб ихтэй, крафт пивонуудтай. Bogota Beer Company буюу BBC-н artisan beers их гоё санагдсан. Олон янзаар, дураараа наадаж наргих боломж ихтэй юмаа Богота. Гэхдээ машшшшш болгоомжтой гарч орох хэрэгтэй. Колумби аюулгүй орон болсон ч бусад орны адилаар та шөнө илүү сэрэмжтэй явах нь чухал. Баар, клабт орохдоо уух юмаа гараасаа салгаж огт болохгүй, уух юм авахдаа болбол яг харж байгаад задлуулаад авсан нь зөв. Бүжиглэх бол уух юмаа ууж дуусгачихаад бүжсэн нь дээр. Яагаад гэвэл танд наалинхайтаж буй сайхан Колумби chica/chico уух юманд чинь эм хийгээд, та манараад, хамсаатнууд нь таныг гаргаж байгаад ядах юмгүй сэгсэрч дөнгөнө. Монсэрратэд ургадаг нөгөө цэцгийн бодисыг мөн халуухан chica цээжиндээ түрхчихсэн байдаг ба үнсэж үнгэхийн төдийд та манараад унах вий. Бас гар утсаа ил гаргахгүй байсан нь дээр. Энд хөөрхий хулгай, дээрэм их ээ. Хулгай дээрмээс сэрэмжтэй явж чадвал эндхийн баар, клубууд маш гоё. Гэй баар ч олон бий. Зугаацмаар байвал Zona Rosa руу явах хэрэгтэй, тэнд хамгийн гоё баар, ресторан, клубууд бий. Жаахан хиппи газрууд нь Чапинерод төвлөрсөн байдаг юм байна. Харин La Candaleria-д үүргэвчтэй аялагчдад зориулсан олон хостел байдаг ба олон хямд баар саав ихтэй гэсээн…😅

Пабло Эскобар ба Колумбичууд: эндхийн хэллэгэээр бол Паавло Эсковаар. El patron буюу эзэнтэн. Товчхон хэлэхэд түүний талаар ер нь нэг их асуухгүй, ярихгүй байсан нь дээр. Маш олон Колумби хүн дургүй, ярихыг, дурсахыг ч хүсдэггүй. Хамт аялсан нэг бүсгүй түүний зургийг харахыг ч хүсдэггүй ээ гэсэн бол хуульч байж байгаад тэтгэвэртээ гарсан нэг хүн “түүний тухай аялал хийгээд, зурагтай малгай, футболка нтр хийгээд зараад байгаа хүмүүс сүнсээ худалдсан хүмүүс байж таарна” гэж хэлсэн. Нэг кино найруулагч залуу “тэр үхсэний дараа төрсөн минь их аз шүү” гэж хэлэх жишээний… 😐 Аргагүй шүү дээ хар дарсан зүүд шиг аймаар хэргүүд хийдэг байсан хүн шүү дээ. Бүхнийг мөнгө, аллага хүчирхийллээр шийдэх гэсэн тэр аймшигтай мангасыг сөрж зогссон, үнэнч шударга олон Колумби хүнийг биширмээр. Түүнийг эсэргүүцсэнээрээ үхэх нь тодорхой болдог ч тэд шантраагүй тэмцсэн, үнэхээр гайхамшигтай 🙏. Зарим Монголчууд бараг шүтээд байх шиг байсан – юу ч гэдэг билээ нэг сэтгэцийн эмгэг билүү, арай Stockholm syndrome биш биз дээ, за ер нь төстөй байх шүү. Паавлогийн дараа Колумбийн энд тэнд байсан картелиудыг устгаж, амарчээ энэ хүмүүс. Мафиуд нь одоо хар тамхи биш улс төрийн нөлөөллийн (том корпорациудад нөлөөлдөг, гэрээ мэрээнд нь оролцдог гэчвүү) ажил хийдэг болсон гэсээн.
За нэг иймэрхүү. Яг үнэнийг хэлэхэд Колумбид 21 хоног цөөдчихжээ😭. Өглөөд хичээлд суугаад, үдээс хойш нь аялаад, оройд нь наргиад, амралтын өдрүүдээр Мэдэжин, Картахэна нтр ороод байна гэж бодсон ч хичээлээ давтах, ажлаа цаг бүрт нь амжуулах 💻, дасгалжих 🤸♀️, найзуудтайгаа гарах, унтаж амрах гээд бас л шахуу байна шүү кккк. AirBnB Experience-р 3 богино аялал авсан тухайгаа дараа бичнээ. Finca буюу ферм орж морь унасан, соно бялзуухай харсан, ахиако хийж сурсан гэх мэт их сонинтой, зарим хүмүүс нь дэндүү гоё амьдрах юмаа. Маргааш кофе & гар урлалын захын аялалд явна. Асуух юмс байвал коментоор асуугаарай, боломжоороо хариулъя 👍.