Төсөөллийн эсрэг Куба… 🇨🇺

Куба улсад очиж үзэх гэж бодсоороон байгаад очсон. Яагаад ч юм далдуу мододтой арал дээрхи налайсан найрсаг хүмүүстэй, сайхан орон гэж төсөөлж байсан.

Хуучин Хавана хотын Их сургуулийн гудамж хавьд…

Арал нь ч сайхан юмоо, нарлаг, тааламжтай цаг агаартай, ашигтай байршилтай энэ тэр. Даанч тэнд нэг л юм буруу байгаад байх шиг – нэг олон “Эх орончид мандтугай”, “Хамтдаа ялалтын зүг урагшаа”, “Куба бол биднийх” гэх мэт олон уриа лоозонтой самбарууд хаа сайгүй, бүр Фидель Кастро, Уго Чавес нарын хамт авахуулсан зургийг “анд нөхөд” гэсэн бичигтэйгээр нүсэр томоор хэвлээд самбарт хадсан ч байх шиг; дийлэнхи хүмүүс нь стресстэй, ядуу; хот нь заваан, хогтой; барилгууд нь нурж унах дөхсөн; нөгөө гоё харагдаад байдаг vintage машинууд нь пад хар утаа хаялсан, пар пар хийж трактор шиг таржигнасан бөөн угаар… 😣

Засгийн тансаг ордноос нь 200м зайд…
Кубын бэлэг тэмдэг болсон хуучны машинууд нь угаар ихтэй…
Дуурийн театр нь их гоё барилга байна билээ харин…
Хаа сайгүй сүртэй уриа лоозон
Ийм сармис ч юмуу зарж яваа хүн нэлээн бсан

Мэдээж тэндхийн баячууд нь амьдардаг чухам тансаг багахан хэсэг байдаг л юм билээ. Тэнд амьдрал өөр. Гэхдээ хоол хүнс хомс (хүнсний талоноор сар бүр айл бүрт basic хүнс олгодог ч хэмжээ, нэр төрөл нь хумигдсаар байгаа гэнэлээ), ихэнхи хүмүүс нь хоногийн хоолоо яаая даа гэж байдаг нь харваас илт (сарын дундаж цалин 30$, засгийн газар нь татвар авсаар байгаад иргэд нь ийм л мөнгө гар дээрээ авдаг…), гадны жуулчдаас эрээлж нэрэлхэлгүй цайны мөнгө нэхэх жишээний энэ тэр. Америкт гарчихсан хамаатнууд нь мөнгө явуулж олон айлыг хоолтой байлгадаг гэсэн. Интернет нь олон нийтийн талбайд байдаг, 1 цагийн эрх нь 2 CUC, тусгай карт худалдаж авч л орно. Ард түмэн нь мэдээлэлгүй, өлөн хоосон, ядуу зүдүү байсаар байхад Кастро нар капиталистуудыг мянга ялаад ч яах юм! 😠

За ямар ч байсан аяллын тухай товчхон бичье:

  1. Куба улс руу Монголчууд визгүй зорчино. Tourist card гэдэг цаасыг 25$-р нислэгт суухын чинь өмнө нислэгийн компанийхан зарах гэвэл бүү аваарай, ямар ч хэрэггүй шүү.
  2. Куба улс жуулчдад зориулж тусгай мөнгөн тэмдэгт гаргасан нь CUC, күк гэж дуудаад байсан. 1 CUC = 1 euro ханштай юмуу даа. Над бол Visa картаа авч очоод, ATM-с мөнгө гаргаад авчихсан нь амар санагдсан. US$ аваачаад солиулах гэхээр 10% татвар авдаг, яахав Euro аваачиж солиулж бас болно. Ихэнх газарт card-р үйлчлэхгүй, Хаванад үнэтэй газрууд нь үйлчилж байна билээ. Кубуудын өөрсдийнх нь хэрэглэдэг мөнгөний нэгж CUB. 1 күк нь 25 CUB-тэй тэнцэнэ. Толгой эргэмээр байгаа биз ккк.
  3. Кубад айлууд нь зочид буудал болчихдог. Илүү өрөөндөө ор тавиад, засаад болоо. Боловсон 00, шүршүүртэй юм билээ. 1 хонох үнэ нь дунджаар 30-60$ (өрөө). AirBnB-р захиалчихвал амар шүү.
  4. Айл буудлуудын өглөөний цай нь яг манай 90-ээд оны үе шиг ккк, талх маслохон гм. Уургийн дутагдалд орж болзошгүй… Өөрсдөө хөгшин залуугүй нэг тийм хэвлийгээрээ таргалалт ихтэй, буруу хооллолтынх байх гэж таасан.
  5. Айл буудлууд нь захиалгаа хэтрүүлээд авчихдаг, өөрсдийнх нь өрөөнүүд дүүрэн бол хөршүүддээ савчихна хахаха. Хаашаа ч юм.
  6. Айл буудлынхан чинь танд ус, пиво, навчин тамхи, рум, кофе гээд зарж болох бүхнийг зарахаар оролдоно. Үнэхээр төвөгтөй. Байс хийгээд л “надаа навчин тамхи 1.50 күк үнэтэй байгаа, чи дэлгүүрээс авбал аймаар үнэтэй” бла бла на на. Бөөн хар ядаргаа. Ядаж байтал тэр шахах гээд байгаа тамхи нь миа ороолттой энэ тэр.
  7. Энд тэнд явж байхад чинь морь унах уу, морин тэргээр явах уу гээд л хүрээд ирнэ, морьд нь их туранхай, өрөвдмөөр, нүд халтирмаар. Газар тариаланд ажиллаж бгаа үхрүүд ч аймаар туранхай харагдсан 😬.
  8. Хувийн машин тэрэг ховор учир ихэнх аялал collective taxi-р явдаг гэж ойлгосон. Нэг чиглэлд явах хэдэн хүнийг суулгаад л гараад давхичихна. Жолооч нар нь хуншгүй талдаа, хэл нэвтрэлцэхгүйг далимдуулаад очих хаяг дээр чинь хүргэж өгөхгүй гудамжинд буулгаж хаячихаад явахаас тун сийхгүй 😰.
Ийм л машинууд collective taxi гээч нь
Машинууд нь хуучин (1989 оны Pigeout машинаар Vinales-с Хавана ороод, тэндээсээ Тринидад орсон – аймаар байсан ёооойй), дизель, дуу чимээ, утаа угаар гэж айхавтар кккк. Аз таарвал арай тохилог, minivan-р явна хаха. Тринидадаас Хавана орох 1 хүний үнэ 25 күк байсан.
  1. Хоол нь хямд газраа хямд. Нэг Тайвань үүргэвчтэй аялагчтай ярилцахад нутгийнхны хооллодог газар ороод хооллодог, 1 күк хүрэхгүй үнээр 1 таваг хоол идчихдэг гэж байсан. Жуулчдын ресторанд 1 хоол дунджаар 4-15 күк. Мохито нь хямдхан бас гоё. 2-5 күк. Пиво нь 2-4 күк гэх мэт.

Лаг ресторанд нь ананастай тахиа идэж шинэ жилдсэн 😹лол

  1. Хүмүүс нь хөөрхийс өмнө нь найрсаг, аз жаргалтай байсан байх л даа – гэхдээ одоо бүр их туйлдаж, мөнгөний төлөө их улайрсан санагдлаа. Зул сарын мэнд хүргэе гээд л алгаа тосоод байна шүү дээ таксины жолооч нь тухайлбал… 😟
  2. Кубад аялахыг хүсэгчдэд Хавана – Виняалис (Энд навчин тамхины навч тариалдаг ба тариаланчдын тарьсан тамхины 90%-г нь улс нь авчихдаг гэнээ) – Хавана – Varadero (beach) – Хавана гэсэн чиглэлийг 6-7 хоногт хийж үзэхийг санал болгох байна. Хаванад Монгол оюутнууд байдаг, тэднээр хэлмэрчлүүлээд явбал бас зүгээр байж магад (гайгүй үйлчилгээний газруудаас бусад газарт бол Англиар ярих хүн ховор).

За нэг иймэрхүү. Сүрхий сайхан юм төсөөлж очоод гутраад буцсан. Би мэдээж диваажин төсөөлөөгүй, коммунист нтр гэж мэдэж бсан, гэхдээ хүмүүс нь тийм аймаар гэж төсөөлөөгүй нь миний алдаа байх л даа😏. Хүн бүр өөр өөр бодолтой тул танд Куба таалагдахыг үгүйсгэхгүй. Одоо би Эквадорт ирчихсэн, ямар сайхан байнаа🇪🇨. Андын нуруунд оршдог, дэндүү үзэсгэлэнтэй байгалтай, олон төрлийн эко системтэй, найрсаг хүмүүстэй, гоё хоолтой, эрх чөлөөтөй ямар ч сайхан улс вэ дээ. Газрын тос, гадил, цэцэг, кофе, кокос гэх мэтийг гаргадаг, Латин Америктаа 8 дахь том эдийн засаг гэж явдаг, 16 сая хүнтэй сайхан улс байнаа. Энд 7 хоноод Панама орно.

Эквадорын нийслэл Кито хот 3000м өндөрт оршдог. Үүлэн ой…

Тэрнээсээ өмнө үзэсгэлэнт Эквадорын тухай сонирхолтой тэмдэглэл бичнээ. Chao!

3 thoughts on “Төсөөллийн эсрэг Куба… 🇨🇺

  1. Блог чинь сонирхолтой байнаа, баярлалаа.
    2006, 7 оны орчимд 9 сар орчим Маяамид байсан. Кубээс 90 милийн зайтай , нөхдүүд боломж олдвол завиар гараад зугтаадаг гээд. АНУ-ын эргийн хамгаалалтынхан хөөгөөд буцаадаг, хэрвээ эх газар дээр хөл тавьж чадвал шууд улс төрийн орогнол /бичиг баримт, ажиллах эрх/ өгдөг гэсэн. Тиймдээ ч зөндөө хүн зорьдог гэж байсан. Гэвч тэр үед ийм ядуу гэж төсөөлж байсангүй, очоод сайхан хямдхан газар аялаад байдаг юм шиг л санадаг байлаа. Нөгөө талаар үзэх дуртай FAST & FURIUOS 8 билүү нэг анги дээр нь кубд гараад л их л аятайхан төсөөлөлтэй байсан, бодит байдал дээр өөр юм байна.

    Like

Leave a comment