
Шинэ он гарсаар блогтоо юу ч бичээгүй байна. Кубын дараа очсон Эквадор орны талаар бичихээр шийдлээ, тэвчээртэй умшаарай урт шүү. Нэрнээсээ ойлгомжтой, экватор буюу 0 өргөрөгт, Колумби, Перу улсуудтай хиллэн орших ба баруун талаараа Номхон далайд гарцтай, Андын нурууны нэгдлийн хамгийн жижигхэн улс намайг алмайруулсан. Газар нутгаараа Монголоос 6 дахин бага энэ улсын хүн ам 16 сая. Эквадор хүмүүс туйлын эелдэг найрсаг, нутаг нь арай л дэндүү үзэсгэлэнтэй юм билээ. Аялалдаа Эквадорыг оруулаач гэж ятгасан Шотланд, Англи 2 найздаа талархаад баршгүй 🙏.
Эквадорт 6 шөнө, 7 өдрийн багц аялал найзынхаа танилаас авсан. Бидний хугацаа болон сонирхлыг маань сонсоод, аялал урлан (customized tour) санал болгосон нь их таалагдсан тул очихоор шийдсэн юм. Хаванагаас Боготагаар дайран Avianca нислэгээр Кито хотын нисэх буудалд шөнийн 10 өнгөрч байхад бууж, хилээр нэвтрэхэд ажилтан нь “анх удаа ирж байна уу, тавтай морил” гэх нь их найрсаг. Нисэх буудал нь цэв цэвэрхэн. Хөтөч Луйс инээмсэглэн угтаж, ачааг зөөн шинэхэн KIA Sportage машиндаа ачин (Кубад 89 оны пижо машины арын суудалд гурвуулаа чихэлдэн сууж явсан шүү дээ ккк😝), суумагц “савтай ус байгаа шүү, уугаарай” гэх нь Кубын дараа ямаррр таатай санагдсан гээч. Нисэхээс Кито дахь зочид буудал руугаа бөөн zig zag-тай замаар давхих зуур Луйс хотоо танилцуулан, маш сайн Англи хэлээр тайлбарлан явсан – мэдлэг, туршлагатай хөтөч гэдэг нь илэрхий. Зочид буудал маань яг жинхэнэ зочид буудал байв, хичнээн тохитой! 😊

Маргааш 11 цагт Луйс ирж, Кито хотыг өндрөөс харах Pichincha уул руу гарсан. Цаг агаар нэн тааламжтай 20’С орчим. Нар нь их хурц аа, аргагүй шд эгц дээрээс төөнөж байгаам чинь. Cable car-р ойролцоогоор 4000м өндөрт гарч 40км урт, 3км өргөн Кито хотыг харлаа – далайн төвшнөөс 3000м өндөрт 2 урт хөндий дамнан оршдог юм байна. Эквадор орон галт уул тун олонтой юм гэнэ, эргэн тойронд харагдаж буй оргил болгон чинь галт уул гэж Луйс хэлсэн. Нэг уул их үзэсгэлэнтэй харагдаж байнаа, үүлэн дундаас мөнх цас нь цайраад. Тэр гоё уул руу чинь бүгдээрээ явна шүү дээ л гэж байна. Янзтай! гээд л гэрэл зурагт дурлагч нөхөр минь баярлаастай 😀.



Шинэ жил болох гэж байсан тул хотын гудамж хөл хөдөлгөөн ихтэй, энд тэндгүй л худалдаа арилжаа хийсэн хүмүүс. Хүмүүсийг нь харахаар кинон дээр гардаг уугуул Америк хүмүүс шиг тийм бор, намхан талдаа нтр. Тэгсэн indigenous буюу уугуулууд ихтэй гэнээ. Уугуул эмэгтэйчүүд нь хөөрхөн жижигхэн бүрх малгай өмсчих нь нэн донжтой😍.


Хотын эртний хэсгээр алхаж, Эквадор үндэсний хоол идэв yummy yummy. Хотын эртний хэсэг нь (Испаничуудын барьснаас эхэлнэ) их гоё, маш сайн хадгалагдсан байшин барилгуудтай – тэгсэн UNESCO соёлын өв юм байна. Иргэд нь төв талбайдаа налайж, нарлах нь нарлаад, тоглох нь тоглоод, ярих нь яриад нэг тийм тайван сэтгэгдэл төрсөн. Бүр төв талбайнхаа яг хажууд ерөнхийлөгчийнх нь ордон ямар ч хашаа хүрээгүй байдаг юм билээ. Манай Монголд нийтээрээ тааваараа налайж байдаг газар юүвлээ? 🤔
Маргааш нь хотоос гарахын өмнө Луйс биднийг шинэ жилийн чухал үйл явдал болох төв гудамжиндаа аваачсан – тусгайлан зассан тайзнуудад байгууллагууд элдэв хүний дүрстэй мануухай/хүүхэлдэйнүүд хийж тавьсан байх нь өнгөрч буй оны муу муухайг төлөөлүүлэн мануухай хийж, он солигдох мөчид шатаадаг Эквадорчуудын ёс заншил юм байна 👹.

Хамгийн хөгжилтөй тайз нь таксичдын тайз санагдав – тэд Uber-г төлөөлүүлэн мануухай хийж тавьсан байсан кккк. Бас нэг тайзан дээр одоо авлигын хэргээр шоронд сууж байгаа дэд ерөнхийлөгчийнхөө дүрсийг хийгээд тавьчихсан байсан. Урьд нь улстөрчдийн мануухай маш их хийгдэж, шатаагддаг байсан бол одоо ямар ч хамаагүй хүн, киноны баатруудыг хүртэл билэгдэл болгон шатаадаг болжээ. Нэг үсчний газрын гадаа цагдаагийн мануухай байсан кккк😂. Айл бүр, бараг хүн бүр мануухай хийж шатаадаг ба, зарим нь бүр машин дээрээ мануухай тогтоочихсон явж байсан, машинуудаа хамт шатаачихаагүй гэж л найдахаас 😅.

🏔Хотоос гараад үзэсгэлэнт Андын уулсаар давхин Papallacta Hot Springs хүрсэн, зам нь их сайхан юмаа – урсгал бүр нь 2 эгнээтэй гоё зам. Тэгсэн хуучин замаа өргөтгөн шинээр тавьсан зам бөгөөд уг зам явсаар жунгли ордог гэнэ. Андын нуруугаар дамнуулан асар том өндөр хүчдэлийн цамхагууд байхыг асуувал БНХАУ-ын тусламжтайгаар барьсан гэнээ. Эквадор нийт цахилгааны хэрэглээнийхээ 95%-г усан цахилгаан станцаар шийджээ, атаархмаар. Яриад байсан чинь засгийн газар нь сүүлийн үед Хятадаас нэлээн их зээл тусламж аваад байгаа гэж сэтгэл зовнингуй ярьсан Луйс. “Бүгд л болгоомжилж байгаа хэрнээ Хятадаас зээл тусламж авахгүй байж чадахгүй байна шүү дээ” гэж тайвшруулав ккк. Бид ч муулаад л мөнгө аваад байдаг шүү дээ…
Эквадор нь Латин Америкийн 8 дахь том эдийн засаг бөгөөд газрын тостой, том хоолойгоор далай хүртэл зөөдөг. Мөн кофе, цэцэг , гадил болон бусад жимс гэх мэт зөндөө олон зүйлс экспортлодог улс аж. 1999 онд эдийн засгийн томоохон хямралд орж, 1 сая орчим иргэн нь гадагшаа цагаачлан гарч (USA, Spain гэх мэт) эргээд эх орон дахь гэр бүлүүддээ мөнгө илгээсээр хэцүү цаг үеийг давсан гэнэ. Манай хөтөч Луйсын аав тэр үед гэр бүлээ тэжээхээр Испани явж ажилласан ба “түүний хүчээр дүү бид 2 сургуулиа төгсч чадсан. Аав ээж 2 маань яваандаа салж, аав Испанид үлдсэн ч бид сайн харилцаатай, бүр ээж маань аавын шинэ эхнэртэй найз гээд бод доо!” гээд байгаамаа Луйс (Монголчууд Өмнөд Солонгост олноороо гарч ажиллаж байсан үе санаанд оров). Тэр их хямралын үед инфляцыг хянах зорилгоор ам долларыг мөнгөний нэгжээ болгосон юм байна👍. Байсхийгээд л доллар өсчихлөө гэж гаслаад сууж байдаг манууст тааламжтай л сонсогдлоо кк. Харин саяхан бензиний үнэ огцом өсгөсөн нь иргэдийнх нь дургүйцлийг их төрүүлж байгаа ажээ.

За тэгээд бид ч Андын уулсыг харж ямар үзэсгэлэнтэй юм бэ гэсээр 4500м өндөрт нэг даваан дээр зогсч үүлэн дунд алхсан шүү, 3’C байсан нэлээн хүйтэн. Гэхдээ 4000м өндөртөө ч ногоон ургамал ихтэй юмаа. Олон төрлийн эко системтэй улс ажээ. Эдгээр өндөр уул нь борооны үүлнээс усыг нь ургамлуудаараа шингээн үлдээж, хэд хэдэн цэнгэг нуурыг үүсгэдэг ба эдгээр нь Кито хотын ундны усны эх үүсвэр болдог. Уулаа даваад халуун рашааны резортод ирэв. Тохилог байшингуудтай, цэвэрхэн бассейнуудтай – баярын үе таарсан тул жуулчид, нутгийнхан ихтэй. Бүтэн биеийн массаж хийлгэсэн ч Азийн массажийг мэдээж гүйцээгүй, яахав дээ тэ энд байгаа нь их юм гэлцэв 😝лол. Шинэ жилийн оройн хоол идэж, амьд хөгжим сонсонгоо дарс уун хөгжилдөв өө. Он солигдоход салют нтр буудуулан, мануухайгаа шатаан, галаа тойрон бүжиж их сүртэй тэмдэглэж байна билээ. Амралтын газрын мануухай нь “Бид Хятадаас их мөнгө авчихсан, ядаж байтал бензиний үнэ огцом өсөөд их хэцүү байгаа тул илжиг л унах нь яваандаа” гэсэн бичиг зүүсэн байсан нь хөгжилтөй… 😹

Маргааш өглөө нь бид соно бялзуухайн цэцэрлэгт зочилж, 7-8 зүйлийг маш ойроос ажиглав. Үнэхээр хөөрхөн, үнэхээр шаламгай, үнэхээр эгдүүтэй! Томууд нь жижгүүдээ дээрэлхэж нтр, зугаатай золигнууд😍. Би Колумбид 3 зүйлийг л харсан байсан.

Тусгайлан байгуулсан энэ цэцэрлэгт 13-14 зүйлийн соно бялзуухай (Эквадорт нийт 130 зүйл соно бялзуухай бий) ажиглагдсан ба энэ цэцэрлэгт соно бялзуухайг нутагшуулахын тулд олон жил шаардагдсан гэнэ. Ер нь тэд байгалаа их хамгаалж, хадгалж үлдэхийн төлөө ихээхэн хүч чармайлт тавьж байгаа ард түмэн юмаа.

Тэр үдээс хойшдоо hacienda буюу уламжлалт эдлэн газар, байшинд байдаг зочид буудалд ирж хонов. Үзэсгэлэнтэй view-тэй газарт орших 17-р зууны энэхүү эдлэн, эртний байшин нь урт түүхтэй байсан нь их онцгой санагдсан. Манайд даанч иймэрхүү үнэ цэнэ агуулсан байшин, барилга бараг байхгүй юм даа.

Эквадорын адуучдыг chagra гэдэг юм билээ. Өглөө нь Хуан хэмээх жинхэнэ уугуул царайтай чагратай хамт морь унах аялалд явав. Хуан бидэнд лам гөрөөс, хонины арьсаар хийсэн том түрий/өмд өмсгөсөн нь их инээдтэй санагдаж байсан ч өндөр ууланд мориор явахад чухам дулаахан, их хэрэгтэй эд байхыг сүүлд нь мэдэрсэн.


Cotopaxi National Park -н орчимд олон айл газар тариалан эрхэлж, цөөн тооны мал маллан амьдардаг ба 4400м-с дээших хэсэг нь нийтийн эзэмшил юм байна. Их салхитай өдөр таарав 😬. Нийтийн эзэмшлийн биш газраараа тариалангуудын хооронд тавьсан байгалийн чулуун замаар явсан, тахтай морьд нь хальтираад бүдчээд хөөрхийс, нэг тийм гэмшингүй сэтгэгдэл төрсөн – манайд морь, тэмээ унахдаа жуулчид гэмшдэг юм биш биз… Ахиад өнөө эртний hacienda-д хоносон.

Дараагийн өдөр нь үзэсгэлэнт Cotopaxi Уулыг ойрхноос, бүтнээр нь харах завшаан тохиолоо 😍🏔🙏. Яагаад завшаан гээд байгаа вэ гэхээр энэхүү 5870м өндөр, идэвхитэй галт уул голдуу үүлтэй байдаг ба олон хүн бүтнээр нь харж чадалгүй буцдаг гэсэн. Тусгай хамгаалалттай газрын үүдэнд мэдээллийн самбарууд, газрын зураг тун ойлгомжтой байдлаар хийж, сонирхолтой мэдээллийн төв ажиллуулж байна. Мөн халуун цай, кофе уучих хөөрхөн кафе дэлгүүр, сувенирын дэлгүүр ч байх юм. Энд өндөрлөгт дасахад тустай, даарахад дулаацуулна гэхээр нь коко цай ууж үзэв (боловсруулчихаар кокайн болно – эртний уугуулууд нь навчийг нь зажилж эрч хүч авдаг байсан юм гэнэлээ), жаахан гашуундуу амттай цай байна. Энэ ТХГ-т нэвтэрч буй жуулчдыг бүртгэдэг юм билээ, зөв тэ. Морь унасан, дугуйгаар явж буй жуулчид тааралдав. Мөн Котопаксид жил тойрон уулчид авирдаг гэнэ. Автобус дүүрэн Колумби жуулчид ч таарав. Эквадор жилдээ 600-800 мянган жуулчин хүлээж авдаг байна. Ер нь Латинууд хоорондоо их аялцгаадаг аж, Андын нурууны нэгдэл гээд 4-5 улс хоорондоо визгүй ч юм👍.



Уулын дараа сарнайн фермээр зочлов. Эквадор сарнай гээд их алдартай шүү дээ. Учир нь нар эгц дээрээс тусдаг тул эдний сарнай дээшээ тэгшхэн ургадаг гэнэ 🌹. Олон төрлийн сарнай тарьдаг дунд зэргийн компаний 2 хүлэмжээр оров – эднийх өдөрт 25-35 мянган сарнай хурааж зах зээлд нийлүүлдэг байна. Том компаниуд нь өдөрт 70-80 мянган сарнай нийлүүлдэг гэсэн. Сарнайн аж ахуй маш олон эмэгтэйг ажлын байраар хангадаг нь сайшаалтай санагдав. Кито хотод орой эрт хүрч, буудалдаа амарсан. Буудлын ойролцоо байх гар урлалын зах орж жижиг сажиг хөөрхөн зүйлс аваад байнаа бас. Маргааш аялал маань дуусна гэхээр жаахан гунигтай. Панама орох юм л даа.

Эквадорын хоол төмс ихтэй л болохоос биш амттай, аятайхан санагдсан шүү. Багц аялалд маань хоол бүгд багтсан байсан ч бид Луйсаас гуйж байгаад аль болох нутгийнхны хооллодог газар хоол идэхийг хичээсэн (барууны хоолоор үйлчилдэг жуулчны ресторан сонирхолтой биш шүү дээ). Үйлчилгээ боломжийн, хоол амттай, үнэ ч боломжийн. Гоё үхрийн мах, хонины махтай, тахиа, загас элбэгтэй😋. Шош, эрдэнэ шиш их хэрэглэнэ. Хонины мах нь гоё байхаар нь асуусан чинь Испаничуудын авчирсан хонь Андын нуруунд сайн нутагшсан, түүгээр ч үл барам Эквадорчууд ойр орчмын улсууддаа хонины мах нийлүүлдэг гэсэн👌. Кофе нь их гоё, пиво бас сайтай. Харин ёстой дарс байхгүй, сүүлийн үед дарсны тариалан бага сага эрхлэх болсон ч дарс нь сайн болж эхлээгүй байгаа гэнэлээ. Мэдээж жимс ихтэй 😍

Эквадор улс үнэхээр их таалагдсан, ямар ч төсөөлөлгүй очсон чинь гайхамшигтай сайхан орон байж таарсан. Бид ойрын 2-3 жилдээ багтаж буцаж очиж Луйстай хамт жунглиар нь дайран Перу руу аялахаар ч ярилцсан. Жижигхээн улс, зөндөө олон экосистем, баялаг соёл, найрсаг иргэд. Ёстой гайхамшигтай орон. Дашрамд хэлэхэд Монголчууд Эквадорт 90 хоног визгүй аялах боломжтой. Чилийн Сантиаго хотод үүнийг бичиж суунаа, дараагийн удаад Панамын Панама хот & Чилийн Сантиаго хотын тухай бичнээ. Нөхрийнхөө дарсан хэд хэдэн зургаар энэхүү бичвэрт гангарчихлаа ккк. Hasta luego! 👋
Nice
LikeLike
(like)
LikeLike