Астана хотод зорчсон нь 🇰🇿

Астана гээд бүр сурчихжээ, гэхдээ тэр сайхан хотод Нур-Султан гэдэг нэр арай л зохихгүй байх шиг ээ лол. Хэдэн Казах найздаа тэгж хэлээд инээлдэцгээсэн. Миний бие сая 9-р сарын дундуур ажил, амралтыг хослуулан 7 хоноод ирсэн билээ. Астана – Улаанбаатар хотын хооронд Scat Airlines 7 хоногт 2 удаа шууд нислэг хийдэг болсон нь ийм боломж олголоо. Билетийн үнэ дунджаар 400$ орчим (би SkyScanner ашиглаж энэ үнийг харсан шүү), мэдээж хямд үнэ авахыг хүсвэл эрт захиалах хэрэгтэй. Түүнээс биш Баян-Өлгий нисээд, газраар Астана орох юмуу УБ-Москва-Астана нтр гэж явна гэж миний хувьд ёстой гонж. За тэгээд Монголчууд бид Казахстан руу 30 хоног визгүй шүү дээ, таатай.

Астана анхны сэтгэгдэл…

Хамт сурч байсан 9 Казахстан найзын 4 нь Астанад амьдардаг тул тэднийхээ нэгнийд байрлалаа. Зочид буудлын хувьд Hilton, Marriott гэх мэт олон улсын сүлжээ буудлуудаас гадна нутгийн зочид буудлууд их байна, booking.com-р ороод захиалж болно. Мөн AirBnB байдаг юм гэсэн. Астанад Yandex Taxi-р л явлаа, үнэ нь 700 тэнгегээс эхэлнэ. Яг л Uber шиг янз бүрийн хувийн машин таксины үйлчилгээнд, бүртгэлтэй, хяналттай явж байгаа гэсэн үг. Төсөвтөө тохируулан хэр тухтай машинаар зорчихоо сонгох сонголттой. Энэ апп-г очихоосоо өмнө татаад аваарай. Монголчууд бид нар Казахуудтай их адилхан төрхтөй тул таксины жолооч нар шууд казах юмуу оросоор ярина, би яахав хэл ус муутай болохоороо ганц нэг заалгасан казах үгээ хэлчихээд л чимээгүй суугаад яваад байлаа. Ер нь хаана ч очсон “энэ Казах яагаад казах юмуу оросоор ярихгүй байгаан болоо” гэсэн гайхсан харц… 😆

Казахстан улсын хүн ам 18 сая орчим ба эдгээр нь нийт 130 орчим үндэстэн ястнаас бүрдэнэ. Тэд бүгд бараг өөр өөрийн хэлээр ярина, харин холбодог хэл нь Орос хэл. Орос хэлтэй бол ёстой газардахгүй шүү, амьдрал чинь хамаагүй хялбар болно кккк. Орос хэл гэснээс Хятадаас ирсэн Казахууд орос хэлэндээ муу, өөдөөс нь оросоор ярихаар хэцүү байдаг гэж Бурабай хамт явсан аяллын хөтөч залуу хэлсэн. Тэрээр Шинжаанаас ирсэн ба казах, хятад, англи, солонгос хэлтэй (Англи хэлийг бие дааж сурсан гэсэн чинь тун цэвэрхэн, дүрэм сайтай их сайн ярьж байсан, биширмээр!). Ер нь казахуудыг хаанаас ирсэн казах вэ гэдгийг мэддэг хэлнээс нь дүгнэчихэж болдог гэж нэг найз маань хэлсэн ба Монголоос ирсэн казахууд казах л хэлтэй байдаг гээд инээгээд. Шинжаанаас ирсэн казахууд жуулчны хөтөч их хийдэг гэнэ. Монголоос ирсэн казахуудын хамгийн сайн явж байгаа жишээ нь Q-pop урсгалыг санаачлан бий болгож, Ninety One хамтлагийг үүсгэн байгуулж, амжилттай авч явж байгаа ах дүү продюсерүүд юмуу даа. Ninety One хамтлаг нь одоо Казахстандаа хамгийн алдартай хамтлаг юм байх, нэг дууг энд оруулчихъя: https://www.youtube.com/watch?v=L43JtW9OwRs

Алсыг харагчин дээр суусан 🦔

Астана хотыг сайн бодож, сайхан хотыг бүтээж байгуулж байгаа юм билээ. Шинэ хот. Тал нутагт байдаг тул салхи ихтэй, хуурай санагдсан уур амьсгал нь. Өвөлдөө нүүрсний утаатай ч салхиныхаа хүчээр мэнд давдаг гэвүү дээ. Ус нь хатуулаг ихтэй тул эмзэг арьстай, үстэй хүмүүс биесээ энхрийлүүштэй. Сонирхолтой архитектурыг Астанад харна, гоё гоё барилгууд байнаа байна. 1 сая хүнтэй энэ хотод замын түгжрэл харьцангуй бага юм билээ, автомашины хувьд насжилт ихтэй хуучин машин элбэг санагдсан. Мод, цэцэрлэгжүүлэлт ихтэй юм билээ манай Улаанбаатартай харьцуулахад. Турк, Арабын улсуудаас хөрөнгө оруулалт их ирдэг, сүүлийн үед Хятадын хөрөнгө оруулалт өсч байгаа ч Казахууд яг бид нар шиг синофобиатай кккк марзан ч юм даа… Хөрөнгө оруулалт нтр гэснээс нэг онц сонирхолтой санагдсан юм нь тэдний эдийн засаг манайхаас хэд дахин том, манайхаас хамаагүй баян орон хэрнээ иргэдийнх нь дундаж цалин манайхтай адилхан байж таарсан (тэндхийн дундаж цалин нь 180’000 тэнге буюу 1’200’000 төгрөг). Яагаад тийм юм болоо?.. Астанад харин Shopping хийх таатай санагдсан шүү, олон улсын брендүүд бүгд байна, үнэ нь Монголтой ойролцоо – Хан Шатыр (гоё хийцтэй барилга, хамгийн дээд давхартаа наранд шарах элстэй эрэгтэй бүр), мөн Mega Silkway гэсэн 2 шоппинг моолыг зориорой. Амралтын өдрүүдээр энэ 2 шоппинг моолоор орвол хүүхдүүдэд бүслэгдсэн мэт санагдахаар, хүн ам нь сайн өсч байгаа бололтой. Орой үдэш бол гарч орох зугаа цэнгээний газар элбэг, үүрийн 4-5 хүртэл ажилладаг юм билээ.

Ийм түцнүүдэд хотын аяллын багцыг зардаг юм билээ

Астанад хотын аялал хийе гэвэл автобусны аялалд хамрагдвал амар, 24-72 цагийн багцтай ба үүнд улаан автобусаар зорчих эрх, жуулчны сим карт, музейнүүдэд орох эрх багтсан. Зайлшгүй үзэх газар гэвэл Nur Alem буюу Future Energy Museum гээд бөмбөлөг хэлбэртэй шилэн барилгатай гоё музей. Тэнд би бараг бүтэн өдөржин ч байж чадахаар тийм сонирхолтой санагдав, давхар бүртээ эрчим хүчийг төрөл бүрийн эх үүсвэрээс гаргаж авах боломжуудын талаар үзүүлсэн. Хүн төрөлхтөний ирээдүйд итгэх итгэл нэмэгдэх ч шиг ккк. Тэндээс нөгөө алдарь Назарбаев Их Сургуулийн кампус харагддаг, ордон мордон шиг лут сүртэй байгууламж харагдсан. Баруунаас багш нараа авчирч ажиллуулдаг гэсээн.

Нур Алем (Даваа гаригт амардаг шүү)

Казахстаны үндэсний музей харин их таалагдаагүй. Жаахан хоосон талдаа (аргагүйм даа түүхсээд байх юмгүй улс шүү дээ, одооноос л эхэлж байгаа – өөрсдийнхөө түүхийг 6-8р зуунд Монголын нутагт байсан Хөх Түрэгүүдээс эхэлсэн гээд байгаа бололтой, Монголд байдаг хэдэгн түрэг хөшөөний зураг болон макетийг үзүүлсэн байсан), харин Назарбай гуайнхаа гэгээн дүрийг төрөл бүрээр үзүүлсэн байна билээ, бараг Казахстаны Есүс Христос юмуу хаашайн. Би тэнд 60 минут л болсон байх. Ер нь музей сайнтай байх их чухал санагдсаан. За тэгээд Астана дундуур урсдаг голоор завьтай аялал хийвэл сонирхолтой шүү, голын нэг эрэгт хотын хуучин хэсэг нь нөгөө эрэгт шинэ хэсэг нь. Шинэ хэсэг нь “Dubai wannabe” санагдаад байна гэж Испани найз маань хэлж Англи болон Ирланд найзууд дэмжиж байсан. Шинэ хот болохоор эртний энэ тэр зүйл цөөтөй нь тэгж санагдуулсан юм болов уу. Бид бас Улаанбаатарынхаа хуучны барилгуудыг буулгаад өндөр шилэн барилгууд барьчихвал “Astana wannabe” гэгдэх байх даа. Алматы арай өөр уур амьсгалтай, илүү сонирхолтой гэж аяллын сүүлд Алматы орсон найзууд бичсэн байна билээ.

Казытай плов ккк

Хоолны хувьд бидний хамгийн сайн мэдэх казы энэ тэрээс гадна Дундад Ази маягийн хоол болон Орос хоол элбэг. Онцлох хоолны газар гэвэл Rumi гэдэг Узбек хоолны сүлжээ ресторан нь манайхаар Modern Nomads юмуу даа, дажгүй ээ хөөрхий. Энд Солонгос хоол, Япон хоол сүүлийн үед хүчээ авч байгаа гэсэн. Ард түмэн нь мөн Солонгос юмсад их дурлаж байгаагийн нэг нь гоо сайхны мэс засал ба гоо сайхны мэс засалд донтсон Казах охид бүсгүйчүүд элбэгшээд байгаа юм байх. Кккк лаг лаг хов базсан байгаа биз дээ. Ер нь анзаараад байхад Казахстаны бүсгүйчүүд манай бүсгүйчүүд шиг өсгийтөй гутал нтр их өмсдөг, гангалах их дуртай санагдсаан. Харин шашнаасаа болдог юмуу яадаг юм, эмэгтэйчүүд нь гэртээ сууж гэр бүлээ асрах хандлага одоо ч их хүчтэй байгаа юм билээ. Нэг найз маань л гэхэд “би нөхөртөө атаархдаг шд гэр бүлтэй болсон ч ажлаа үргэлжлүүлэн хийгээд л, би тэгэхэд 2 хүүхэдтэй болчихоод гэртээ 4 жил сууж байна. Өмнө нь би ямар сайхан ажил хийж байлаа даа” гэж хэлсэн. Эд маань хүсэл эрмэлзэл, эрч хүчээр дүүрэн охид байсансан… Казахстаны Болашак сан билүү тэрүүгээр маш олон залуус нь барууны өндөр хөгжилтөй орнуудад улсынхаа зардлаар суралцаад, эх орондоо эргэн ирж 5 жил ажиллах гэрээтэйгээр явж сурсан байдгийн заримтай нь би хамт сурсан билээ. Тэд маань 5 жилийн гэрээт хугацаагаа дуусгаад ихэнх нь гэрлэжээ. Ер нь тэгээд залуусынхаа толгойг цэнэглэх тэр ажлынх үр дүн гарч эхэлж байгаа нь харагдаж байна билээ, жишээ нь аялал жуулчлалын чиглэлээр хамт сурсан нөхдүүд Visit Kazakhstan гэх мэт лаг лаг ажил төслүүд эхлүүлсэн ажиллаж байна билээ.

Бөлектау уулан дээрээс… Бурабай/Боровое

Астанагийн ойролцоо Бурабай гэж сайхан газар байна, манайхаар бол Тэрэлж шиг. Сайн замаар 3 цаг орчим давхиад хүрнэ. Явган юмуу дугуйтай аялал хийхэд их тохиромжтой санагдсан, замуудыг нь сайхан бэлдээд засчихсан байна билээ. Намайг очих үеэр яг навчсын өнгө солигдож таараад үнэхээр үзэсгэлэнтэй сайхан байлаа. Одоогоор зочид буудал энэ тэр нь дотоодын болон орос жуулчдад илүү тохиромжтой. Ганц лаг зочид буудал байна билээ, тэр нь Туркын сүлжээ зочид буудал & казино. Астанад нэг салбар нь буй. Booking.com дээр байна билээ захиалж буудаллана гэвэл.

Монголын тамирчин хүрэл медаль хүртсэн. Барыс Арена дүүрэн үзэгчтэй бсан

Намайг очих үеэр бас чөлөөт бөхийн ДАШТ Астанад болж таараад, бөх мөх ойлгойхгүй ч Монгол хүн байна даа гээд очиж үзэв шд. Батцэцэг гавьяат хүрэл медаль авахыг харсан. Тэр Барыс Арена гээд том спортын ордон нь мундаг. Казахстан спортыг хөгжүүлэх тал дээр ихээхэн хүч зарж байгаа, хот нь спортын тусгай хэсэгтэй ба тэнд нь төрөл бүрийн спортын талбай, орднууд дүүрэн. Битүү дээвэртэй (дээвэр нь нээгдэж хаагддаг гэсэн) хөлбөмбөгийн стадион ч байх шиг. Ер нь Астана хотыг MICE буюу meeting, incentives, conference/congress, events гэдэг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлж байгаа тул том арга хэмжээ зохион байгуулах ордон, талбайгаа маш сайн бэлдэж байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ… 👍

Ирэх зун ч юмуу Алматы болон Караганда хавь дахь Зүчи хааны бунханг очиж үзэхийн тулд ахиад Казахстан явнаа гэж бодоод байна. За тэгээд хамгийн сүүлд Казахстанд очсон гадны хүн бүр очсон өдрөөсөө эхлэн 5 хоногийн дотор цагдаагийн газарт бүртгүүлэх ёстой шүү гэдгийг бичээтэхье, зочид буудалд байрласан бол зочид буудлынхан энэ бүртгэлийг хийж өгдөг юм билээ. Би ажлаар очсон тул хариуцсан байгууллагынхан бүртгэлийг хийлгэж өгсөөн. Гарахад хил дээр тэрийг шалгадаг юм билээ шүү.

Leave a comment